Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Говь гурван сайхан үүлдэр

 

Монгол орны нөхцөлд ямааны таваарлаг чанарыг дээшлүүлж түүнийг эрчимжүүлэн хөгжүүлэхэд нутгийн ямаан сүргийн тоог  олшруулж “өөр дотор нь” цэврээр үржүүлэхээс гадна ашиг шим арвинтай бусад үүлдэртэй эрлийзжүүлэх явдал чухал  гэсэн шийдвэрийг 1958 онд хуралдсан МАХН-ын XIII Их хурлаас гаргажээ.

Түүнийг хэрэгжүүлэх зорилгоор мөн оны намар ЗХУ-аас донын хавийн үүлдрийн ухна авч ирж говийн аймгуудын нутгийн ямааг эрлийзжүүлэхэд ашиглав.

 

Эрлийзжүүлгийг эхлэх үеэс ашиг шимийн өвөрмөц шинж чанартай монгол, донын хавийн 2 үүлдрийн ямааны ашигтай сайн талыг хадгалсан шинэ үүлдэр бий болгох зорилт тавьжээ. Үүнд: нутгийн ямааны байгаль цаг уур, бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, тэсвэрт чанар,  донын хавийн үүлдрийн ноолуурын гарц ба ихэрлэлтээр үлэмж илүү, сүүлэг чанарыг шинэ үүлдрийн ямаа хослуулан хадгалсан байхад үржил селекцийн ажлын бодлого, үйл ажиллагааг чиглүүлжээ.

Үүлдрийг гаргахад Говийн бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцын ажилтнууд, сум нэгдлүүдийн мэргэжилтэн, удирдах ажилтан, малчдын удаан жилийн хамтын хөдөлмөр, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэжээ.

Говь гурван сайхан үүлдрийн зохион бүтээгч, эрдэмтэн, мал зүйч Д.Цэрэнсоном говийн бүсийн монгол, эрлийз болон гадаадаас авч ирсэн үүлдрийн ямааг харьцуулан судалж, шинэ үүлдрийн ямааны арчилгаа маллагааны технологийг боловсруулж мөрдүүлэх, монголын ямааны аж ахуйд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ноолуур үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Монгол Улсын Төрийн шагнал хүртээжээ.

Говь гурван сайхан үүлдрийг бий болгох, түүний шинж чанарыг бататган сайжруулах талаар явуулж ирсэн үржил селекцийн ажлыг тухайн үеийн зорилго, шаардлага хэрэгцээг харгалзан дараах үе шатад хуваажээ (Дөнгө, 1995). Үүнд:

  1. Монгол ямааг донын хавийн үүлдрээр эрлийзжүүлсэн үе (1958-1965),

2. Эрлийз ямааг “өөр дотор нь” үржүүлж тохиромжтой хэвшлийн ямаан           сүрэг бий болгох үе (1965-1971),

  1. Шинэ үүлдрийн ямаа, түүний эрлийзийг үржүүлэх бүсийн аж            ахуйн хүрээг тэлж, ямааны тоог олшруулах, ноолуурын гарцыг нэмэгдүүлэх үе (1971-1983),
  2. Үүлдрийн ямааны үржил, ашиг шимийн чанарыг шинэчлэн тодорхойлж, аж ахуй биологийн ашигтай шинж чанарыг бататгах, үржил селекцийн ажлын цаашдын чиглэлийг тогтоох үе (1983 оноос хойш).

 Нутгийн монгол ямааг донын хавийн үүлдрээр эрлийзжүүлэх явцад түүний амьдын жин, ашиг шимийн гарц чанарт эрс өөрчлөлт гарчээ.

 

 Ямааны амьдын жингийн өөрчлөлт

 

Үүлдэр үе

Амьдын жин, кг

Амьдын жингийн бууралт

намар

Хавар

кг

%

Монгол үүлдэр

I үеийн эрлийз

II үеийн эрлийз

Тохиромжтой хэвшил

35,91

39,64

38,72

40,60

24,81

25,45

24,02

27,80

11,10

14,19

14,70

12,80

31,0

35,8

38,1

32,0

 

Нутгийн монгол ямааны жингээс I үеийн ямааны амьдын жин 10,3%, хоёрдугаар үеийнх 7,7%, тохирмжтой хэвшлийн ямааных 13,0% илүү байв.

Ноолуурын гарцын өөрчлөлтийг дараах хүснэгтэнд харууллаа.

  Ямааны ноолуурын гарц

 

Үүлдэр үе

Ноолуурын гарц, г

эм ямаа

охин борлон

Монгол ямаа

Дон хавийн үүлдэр

I үеийн эрлийз

II үеийн эрлийз

III үеийн эрлийз

Тохиромжтой хэвшлийн ямаа

224,0

515,0

400,2

440,0

-

465,5

200,0

344,0

316,1

316,0

322,3

-

 Эм ямааны ноолуурын гарц нутгийн ямааныхаас I үедээ 78.6%, II үедээ 96,4%, тохиромжтой хэвшлийнх 107,8 хувиар илүү байна.

Үүлдэр батлагдах үед туршлагын бааз болж байсан Өмнөговь аймгийн Булган сумын “Туяа” нэгдлийн үржлийн фермийн говь гурван сайхан үүлдрийн I ангийн ямааны 80 гаруй хувь нь 400-520 г, 14% нь 520-640 г ноолуур  өгч байв. Ноолуурын чанарын зарим үзүүлэлтийг 60 дугаар хүснэгтэнд үзүүлэв.

Эрлийзжүүлгийн үе ахих тутам ноолуурын голч, уртын хэмжээ нэмэгдсэн байна. Нэгдүгээр үеийн эрлийзийн ноолуурын урт нутгийн ямааныхаас 42,27 мм буюу  1,8 дахин, II үеийнх 48,55 мм буюу 2,1 дахин урт болжээ.

Дээр дурдсан судалгаанаас үзэхэд нутгийн ямааг гадаадын урт ноолуурт үүлдэртэй эрлийзжүүлэхэд үе ахих тутам ноолуур нь уртсаж, бүдүүсэн, амьдын жин буурах хандлагатай нь нотлогдож байна.

 Ямааны ноолуурын голч, урт

 

Үүлдэр үе

Ноолуурын голч, мкм

Ноолуурын урт, мм

эм ямаа

охин борлон

эм ямаа

охин борлон

Монгол ямаа

Донын хавийн үүлдэр

I үеийн эрлийз

II үеийн эрлийз

III үеийн эрлийз

14,05

19,03

15,01

16,23

-

13,69

-

15,51

16,64

16,79

47,3

89,0

89,5

95,8

-

56,7

-

78,7

110,6

113,8

Говь гурван сайхан үүлдрийн ямаа говийн бүсийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, дунд зэргийн биетэй, үндсэн зүс нь хар, харин ноолуур хялгасаа давж ургасан үед бор шарга, бор, сааралдуу болдог, эм ямаа дунд зэргийн эвэртэй, толгой харьцангуй хөнгөн, ялимгүй шонтгор хоншоортой, хүзүү богиновтор, дэлэн хөхний хөгжилт сайтай, ухны эвэр, хүзүү, сээр, хавирганы яс хөгжилт сайтай, сэрвээ өндөр, товгор, цээж өргөн, бэлгийн хоёрдогч шинж тод илэрсэн, аль ч хүйсний ямаа ноолууржилт сайтай тухайлбал, урд хөлний өвдөг, хойт хөлний борви, толгойн хэсэгт чихний ар хүртэл ноолууртай, хэвлийн хэсэгт богино боловч ноолуур, хялгас жигд ургасан байна. Энэ ямааны 80 гаруй хувь хар зүстэй, бараан, цайвар саарал өнгийн ноолууртай. 

Говь гурван сайхан үүлдрийн ямаа

 Иймд уул ямааны бие цогцсын хэвшил, үсэн бүрхүүл, амьдын жин, тэсвэрт чанар зэрэг аж ахуй–биологийн ашигтай шинжийн ялгаатай байдалд үндэслэн, сүргийн ноолуурын гарцыг нэмэгдүүлэхгүйгээр харин тохиромжтой хэмжээнд байлгаж, ноолуурын голч, жигдлэг чанар, өнгө зэрэг шинж чанарыг сайжруулах зорилгоор 1986 оноос эхлэн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн ажлыг тодорхой арга зүйн дагуу Д.Дөнгө гүйцэтгэж ирэв.

Энэ үүлдрийн дотор ноолуурын урт, өтгөн, голч, жигдлэг чанар зэрэг үзүүлэлтээр ялгаатай 4 хэвшил байгааг судлаач тогтоожээ. Тухайлбал: богиновтор (ширхэгийн голч 16-17 мкм, урт 7,0-8,0 см) ноолууртай, урт ноолууртай ( голч 17-18 мкм, урт 9,0 см хүртэл), богино тачир ноолууртай, жигд бус урт ноолууртай ямаа тохиолдно.

Үүнийг үндэслэн ямаан сүргийн ноолуурыг нарийсгах, жигдлэг чанарыг сайжруулах, түүний өнгийг цайвар болгох  чиглэлээр үржил-селекцийн ажил явуулав. 1986-1994 онд явуулсан  энэ ажлын дүнгээс үзэхэд цөм сүргийн нас гүйцсэн ямааны ноолуурын голч 2,7-3,3 мкм буюу 13,0-15,0 %, өсвөр ямааных 1,1-1,8 мкм буюу 5,8-9,5 %-иар нарийссан, харин ноолуурын урт 1,1-3,0 см буюу 11,6-25,9 % богиноссон байна. Судлаач ноолуурын урт ба голч хоорондоо их шүтэлцээтэй, өөрөөр хэлбэл ноолуур нарийсах тутам түүний урт богиносох зүй тогтлыг ашиглаж шилэлт, тохируулан сонголт явуулсны зэрэгцээ үржлийн сүргээс жигдлэг чанар хангалтгүй, хэт урт ноолууртай ямааг шууд заазалж маханд борлуулах зарчмыг тууштай баримталсны дүнд цөм сүргийн ноолуурын чанарыг сайжруулсан байна.  

Ноолуурын чиглэлээр төрөлжсөн энэ үүлдрийн ямааны биеийн үндсэн хэмжээг дараах хүснэгтэд харуулав.

 

Говь гурван сайхан ямааг ижил төстэй бусад үүлдэр, омогтой харьцуулахад биеийн өндрийн хувьд нутгийн шилмэл монгол ямаанаас дутуугүй боловч биеийн ташуу урт, цээжний гүн, бүслүүр, шилбэний бүслүүрийн хэмжээгээр ялимгүй дутуу, амьдын жингээр дунд зэрэг юм. монгол орны байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон үүлдэр юм.

 

Говь гурван сайхан үүлдрийн ямааны амьдын жин

 

Ямааны нас, хүйс

Амьдын жин, кг

Жингийн нэмэгдэл

хавар

Намар

Кг

%

Бүдүүн ухна

Шүдлэн ухна

Бүдүүн эм ямаа

Охин шүдлэн

42,0

20,0

28,0

18,0

58,0

35,0

39,0

28,0

16,0

15,0

11,0

10,0

38,0

75,0

39,3

55,5

 УСТ (2011)-д зааснаар нолуурын гарц дунджаар бүдүүн ухных 600 г, борлон ухных 350 г, бүдүүн эм ямааных 450 г, охин борлонгийнх 300 г байна. Үржлийн шилдэг ухнаас 1,4 кг, эм ямаанаас 1,0 кг ноолуур самнаж авдаг. Тохиромжтой хэвшлийн бүдүүн ухны ноолуурын урт 9,0 см, өсвөр ухных 7,0 см, эм ямааных 8,0 см, охин борлонгийнх 6,0 см, ноолуурын голч: бүдүүн ухных 19,0 мкм, борлон ухных 16,0 мкм, эм ямааных 18,0 мкм, охин борлонгийнх 15,0 мкм гэж тогтоожээ.

Цаашид үржилд 16,0-18,0 мкм голчтой, жигдлэг чанар сайтай, цайвар саарал эсвэл шаргал өнгөтэй, хялгаснаасаа 1,0-3,0 см илүү урт ноолууртай, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, наран, гэдэргээ хэлбэрийн, уг руугаа бүдүүрсэн бахим эвэртэй, шонтгор биш хамар хоншоортой, хонго, далны орчим мөн зоо нуруу, гэдэс хээлэндээ бүдүүн хялгастай, сахал, гөхөл сайтай ямааг сонгож үржүүлэх нь ноолуурын чанарыг тодорхой түвшинд барих, амьдрах чадварыг сайжруулах, амьдын жинг нэмэгдүүлэх боломжтой гэж зөвлөжээ.

Өсвөр ямааг өвөл хаврын улиралд 0,4-0,6 тэжээлийн нэгжээр тэжээхэд борлонгийн амьдын жин 11,9-15,2%, шүдлэнгийнх 0,9-7,7%, ноолуурын гарц 11,2-32,7 хувиар нэмэгдэх боломжтой. Цаг агаарын нөлөөллийг харгалзан 11-р сарын сүүлчээс тэжээж болно. Өсвөр наснаас эхлэн таван нас хүртэл өвөл, хаврын улиралд 0,4-1,2 кг багсармал тэжээлээр тэжээхэд ноолуурын гарц 37-296 г буюу 12,5-42,1 %  хүртэл нэмэгдэнэ (Батсүх 1980).

6-7 настай эм ямаанд 11-р сарын эхээр хийсэн хяналтын нядалгааны дүнгээс үзэхэд сойлтын дараах жин 34,66 кг, нойтон гулууз 13,3 кг, дотор өөх 1,8 кг, нядлагын жин 15,1 кг, нядлагын гарц 43,5% байна.

Гулуузны жингийн 79,71%-ийг мах, 20,29%-ийг яс эзэлж, нэг кг ясанд 4485 г мах оногдоно. Махны чийг 75,0%, тос 9,55%, уураг 14,6%, үнс 0,85%, махны илчлэг 3003-3224 ккал болно. Бэлчээрийн маллагааны нөхцөлд байгаа энэ үүлдрийн ямааны мах амт чанар сайтай, уураг тосоор ахиу.

Говь гурван сайхан үүлдрийн ямааны сүүний гарц 73,5 л, тослог 5,2 %, нийт уураг 4,4 % байна. Ямааны лактацын хугацаа 7-8 сар боловч говийн нөхцөлд бэлчээрийн ногооны ургац сайтай жил 4-5 сар сааж ашиглах нь нэлээд түгээмэл. Иймээс ишигний болон эх ямааны хэвийн өсөлт, хөгжилтийг хангахад анхаарч, саамшилтын ид үед нь тодорхой хэмжээний сүү сааж таваарын зориулалтаар ашиглаж болно.

Арьсны таваар технологийн чанар нутгийн ямааныхаас дутуугүй, түүгээр сайн чанарын шевро боловсруулж төрөл бүрийн савхин эдлэл хийдэг.

Ямааны нөхөн үйлдвэрлэлт, амьдрах чадварыг харьцуулан судалсан дүнгээс үзэхэд говь гурван сайхан үүлдрийн онд оролт 96,6%, 100 эхээс 110-115 ишиг гардаг, сувайралт 6,3%, хээл хаялт 7,3%, 100 эхээс бойжуулах төл 72-оос доошгүй,  дурдсан үзүүлэлтүүдээр нутгийн ямаанаас дутуугүй байгаа нь говь нутгийн цаг уур, бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсоныг харуулж байна. Гэхдээ ямааны арчилгаа маллагааны технологийг чанд мөрдөж, ишгийг зохих зааврын дагуу бойжуулахад байнга анхаарах хэрэгтэй.

Энэ үүлдрийн ямааг манай орны говь, өндөр уул, тал хээрийн  бүсэд хамаарах Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумын нутгийн ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үндсэн сайжруулагчаар 1993 он  хүртэл эрчимтэй ашиглав. Одоо үржлийн цөм сүргийг Өмнөговь аймгийн Булган, Сэврэй суманд үржүүлж байна.   

 

           

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй